Монгол Улсад коронавируст халдвар (Ковид-19)-ын анхны тохиолдол бүртгэгдсэн цагаас эхлэн Монгол Улсын Засгийн газраас цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлж ирсэн. Энэ ажлын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН нь идэвхтэй ажиллаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, төмөр замын тээврийн хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Гэвч халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, сүүлийн 24 цагийн байдлаар 831 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөгсдийн тоо 11,651, нас барсан хүний тоо 13 болсон байна.
Энэхүү нөхцөл байдал нь коронавируст халдварын тархалт маш өндөр, хаана, хэзээ, хэн ч халдварт өртөх эрсдэлтэй байгааг харуулж байна. Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, зогсоох өвөрмөц арга бол вакцинжуулах явдал гэдгийг дэлхийн бүх улс орнууд хүлээн зөвшөөрч, иргэдээ вакцинжуулах ажлыг эрчимтэй хийж эхэлсэн.
Монгол Улсын Засгийн газраас ард иргэдээ вакцинжуулахад онцгой анхаарч, насанд хүрсэн нийт хүн амаа вакцинжуулах ажлыг улс орны хэмжээнд эрчимтэй зохион байгуулж байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь хамгийн том ажил олгогчийн хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан энэхүү ажилд хувь нэмрээ оруулах хүрээнд ажилтнуудаа вакцинжуулах арга хэмжээг төлөвлөсөн. Хүлээгдэж байна.
Иймд коронавируст халдвар (Ковид -19)-ын тархалт өдөр бүр нэмэгдэж байгаа тул боломжит бүх чиглэлээр вакцинжуулалтад цаг алдалгүй хамрагдаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх нь чухал болоод байна.
Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдацгаая.
“Улаанбаатар төмөр зам” ХНН