БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Тээврийн салбарын үсрэнгүй хөгжил, төмөр замын салбарт хийгдэж буй технологи, менежментийн шинэчлэлүүд нь төмөр замын салбарт ажиллах мэргэжилтэй ажилтнаас мэргэжлийн өндөр ур чадвар шаардаж, сургалтын байгууллагын сургалтын орчин, материаллаг баазыг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Сургалтын чанарыг сайжруулах, ур чадвартай ажилтан бэлтгэх эх үндэс нь сургалтын байгууллагад ажиллаж буй багш, ажилтан бөгөөд багшийн ур чадвар, ёс суртахуун, мэдлэг чадварын үр дүн нь суралцагсдын сурлагын чанараар илэрхийлэгддэг.

Багшийн хөгжлийг дэмжих зорилгоор "БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ"-ийг байгуулан, тохижуулж 2021 оны 02-р сарын 10-ны өдөр нээсэн. Төвийн үйл ажиллагааг багш нар удирдан зохион байгуулах бөгөөд сургалтын алба, сургуулийн захиргаатай нягт уялдаатай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үүний тулд "БАГШИЙН ХӨГЖИЛ 2021-2023" хөтөлбөрийг боловсруулан багш нарын хурлаар хэлэлцүүлж, захирлаар батлуулан ажиллаж байна.

Багшийн хөгжлийн хөтөлбөрийг "Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль", "Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр" 2016-2021 он, "Монгол Улсын мэргэжлийн боловсролын хөгжлийн бодлого, урт болон дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө" зэрэг баримт бичгүүдийн үзэл санаа, зарчимд тулгуурлан боловсруулсан.

"Багшийн хөгжил 2021-2023" хөтөлбөрийн зорилго нь багшлах шилдэг боловсон хүчнийг бүрдүүлэх тэргүүлэх зорилтын хүрээнд багшийн хөгжлийн тулгамдаж буй асуудлуудыг илрүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, багшийн судалгаа, сургалт болон хүний нөөцийн цогц чадамжийг тасралтгүй хөгжүүлэх боломж, нөхцлөөр хангах, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Дээрх зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

Зорилт 1: Багшийн тасралтгүй хөгжлийг удирдлагын бүх шатанд нэгдсэн бодлогоор дэмжиж, багшийг хөгжүүлэх байгууллагын соёлыг төлөвшүүлэх
Зорилт 2: Багш нарын судалгааны түвшинг олон улсын жишигт хүргэх шаардлагад нийцүүлэн тэдний судалгааны цогц чадамжийг хөгжүүлэх
Зорилт 3: Багшийн цогц чадамж, чадавхийг нэмэгдүүлэх, сургах, суралцах үйл ажиллагааг шинэ шатанд гаргах