ОЮУТНЫГ МЭРГЭЖИЛТЭН–БИЕ ХҮН БОЛГОН ТӨЛӨВШҮҮЛЭХ
ҮЙЛ АЖИЛЛАГАА
Өвгөнхүүгийн Соёлцэцэг*1
*1УБТЗ-ын Политехникийн коллеж, Улаанбаатар хот, Монгол улс
Abstract–Энэхүү илтгэл өнөөгийн нийгэм ажил олгогчид ямар мэргэжилтэн-бие хүнийг шаардаж байна вэ? гэдгийг үндэслэн техникийн боловсролын мэргэжлийн төгсөх ангийн оюутнуудын мэргэжлийн суурь мэдлэг, бүтээлч чадварууд, төлөвшил хандлага ямар түвшинд байгааг судлан оюутан суралцагчдыг мэргэжилтэн-бие хүн болгох үйл ажиллагааны талаар дүгнэлт хийхийг зорилоо.
Keywords–мэргэжил, хандлага, сургууль, багш, мэдлэг
Сэдэв сонгосон үндэслэл: Зах зээлийн өнөөгийн нийгэмд ажил олгогчид мэргэжилтнүүдийг мэдлэгтэй байхаас гадна чиглэл зорилготой, идэвхит болон бүтээлч чанар сайтай, багаар ажиллах чадвартай байхыг чухалчилж үздэг болсон.
Судалгааны зорилго: Оюутнуудын бүтээлч чадвар, төлөвшил хандлагыг тодорхойлох.
Судалгааны объект: УБТЗ-ын ПТК-ийн техникийн боловсролын төгсөх курсын оюутнууд.
Судалгааны ажлын арга зүй: Ажиглалт, санал асуулга, харьцуулалт, ерөнхийлөн дүгнэх, үнэлэх, математик тооцооллын арга.
I. ҮНДСЭН ХЭСЭГ
Оюутан бие хүний тухай ухагдахуун
“Оюутан гэдэг хэн бэ?” гэсэн асуултаас эхлэе. Оюутан гэдэг бол мэргэжлийн зохих түвшний сургуульд сурч тодорхой мэргэжлээр ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадвар, төлөвшил зэргийг эзэмшин авч байгаа хувь хүн. Орчин үед оюутан хүн мэдээлэл харилцааны технологийг өргөн ашигладаг, харьцангуй чөлөөтэй сэтгэдэг, хийж бүтээх олох боломж түүнд улам нээлттэй болсоор байна.
Өнөөгийн оюутнууд нь сургууль, багш нараас улам их анхаарал, соёлч боловсон байдлыг хүсэх болсон. Тэд захиран тушаах арга барилд тун дургүй, үүнийг хүлээн авах хүсэлгүй болсон зэрэг олон онцлогийг нэрлэж болно. Орчин үеийн оюутан хүний дүр төрх олон янз. Гаднаас нь харахад жинсэн өмдтэй, цагаан футболкатай, үүргэвч үүрсэн нэгэн.
Харин дотор талаасаа тэр хэн бэ? гэдгийг бие хүний хэв шинж талаас нь авч үзье.
Бие хүний төлөвшил гэдэг нь хувь хүн нийгмийн бүхий л төрлийн хэм хэмжээ, үнэт зүйл зэргийг өөрийн шинж чанар болгон шингээж авах үйл явц байдаг.
Оюутан бие хүний хэв шинжийг судлаачид дараах байдлаар ангилан үзсэн байна. Үүнд:
“Өв тэгш бие хүн”–мэргэжлээ ухамсартай сонгосон, сурлага сайтай, эрдэм шинжилгээний ажилд идэвхтэй оролцдог хүн. Ерөнхий хөгжлийн түвшин өндөр, соёлтой, бусадтай найрсаг харьцдаг, өргөн хүрээний зүйл сонирхдог. Мөн алдаа дутагдлаа засч залруулдаг, үнэнч шударга, төлөв түвшин, хамт олны дунд нэр хүндтэй, итгэл даадаг сайн найз.
“Мэргэжилтэн”–мэргэжлээрээ ухамсартай суралцдаг, сургуулиа төгсөөд шууд ажил эрхэлдэг, эрдэм шинжилгээний ажилд тийм ч идэвхтэй бус, харин олон нийтийн ажилд идэвхтэй, үүрэг даалгаварыг сайн биелүүлдэг, үнэн зүйл сонирхдог, алдаа дутагдлын хажуугаар зүгээр гардаггүй, хамт олондоо нэр хүндтэй.
“Академич” (академик сэтгэлгээтэй хүн-оюутан)–мэргэжлээ ухамсартай сонгосон “онц” суралцах эрхэм зорилттой. Цаашид бакалавр, магистрантур, докторантур, мэргэшсэн мэргэжилтний зэрэг ахисан шатанд үргэлжлүүлэн суралцах зорилготой учир хичээлдээ их анхаарахын хамт эрдэм шинжилгээний ажилд цаг харамгүй зарцуулдаг ба зарим үед онцын ач холбогдолгүй гэсэн хичээлээ орхигдуулдаг.
“Олон нийтийн ажилтан”–олон нийтийн ажилд оролцох дуртай учир сурлагадаа төдийлөн анхаарахаа больж, өөрийн сонирхсон зүйлдээ цаг зав гаргаж чаддаг.
“Урлаг, уран сайханч”–сургуулийн дүрэм, журмыг мөрддөг хэдий ч эрдэмшинжилгээний ажилд оролцдоггүй. Тэрээр гоо сайхны мэдрэмжтэй учир энэ талын ажилд маш идэвхтэй оролцдог.
“Хичээнгүй”–мэргэжлээ төдийлөн сайн бодож сонгоогүй гэхдээ хичээлдээ хамаг хүчээ зарцуулдаг, хамт олны дотор дуу султай, ихэнх цаг заваа хичээлдээ л зориулдаг. Ийм оюутнууд олон зүйл сонирхдоггүй боловч кино концерт үзэхэд цаг гаргадаг.
“Дунд чадалтан”–мэргэжлээ сайн бодолгүй сонгосон, гэхдээ сургууль сонгосон бол заавал төгсөх ёстой гэж үздэг, нэгих тэнхээ зарцуулахгүйгээр “ингэж тэгсхийгээд” дүн авчихдаг, дипломоо авчих юм бол бусдаас дутахгүй ажиллана гэсэн бодолтой, суралцахаас сэтгэлийн таашаал авдаггүй ч сайн сурахыг хичээдэг.
“Урам нь хугарч итгэлгүй болсон”–мэргэжлээ буруу сонгосон, нэгэнт дээд сургуульд орсон бол төгсөх ёстой гэж үздэг, суралцахаас сайн таашаал авдаггүй ч сайн сурахыг хичээдэг, янз бүрийн хобби, урлаг спортоор өөрийнхөө авъяас чадварыг бусдад харуулж батлахыг хичээдэг.
“Залхуу”–мэргэжлээ ухамсартай сонгоогүй, “хамгийн бага хүч зарцуулах” зарчмаар суралцдаг учир сул сурлагатай, эрдэм шинжилгээний ажилд оролцдоггүй, зарим үед хамт олны “ачаа” болдог. Хичээлээ хуулах, багшийг хуурах аргыг хэрэглэдэг.
“Бүтээлч”–хичээл, олон нийтийн ажил, чөлөөт цагаараа хийж бүтээх ажилд хандах чадвартай, харин тэсвэр, нягт нямбай байхыг шаардсан ажилд тун дургүй, “энэ надад сонирхолтой байна” гэсэн зарчмыг баримталдаг учир сурлага нь тогтворгүй, эрдэм шинжилгээний ажилд ер бусын шийдвэр гаргахыг оролддог.
“Задгай, танхай”–ирээдүйтэй чиглэлийн мэргэжлээр амжилттай суралцдаг, манлайлагч байхыг хүсдэг, бусдад хайхрамжгүй ханддаг, дуулаагүй сонсоогүй зүйл гэж байхгүй, бусдаас ялгагдах өөрийн өвөрмөц санаа бодолтой байхыг хичээдэг, байнга очдог кафе зэрэг газартай.
Их дээд сургууль, коллежийн удирдлага, багш нар оюутны эдгээр олон хэв шинжийг харгалзан ажиллах шаардлагатай. Тухайлбал эдгээр 11 хэв шинжийн аль нь уг сургуулийн оюутнуудад зонхилж байгааг тодруулж ажиллах хэрэгтэй. Мөн ийм олон хэв шинжийг оюутнуудад ямар нөхцөл орчин, нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй вэ? Эдгээр өөр өөр хэв шинжийн оюутнуудад тохирох ямар сургалтын технологи хэрэгтэй вэ? Багш нарын сургах арга барил, харилцаа хандлага ямар байх нь зохистой вэ? зэрэг олон асуултад хариулах хэрэгтэй.
Мэргэжилтэн бие хүний тухай ухагдахуун
Мэргэжилтэн бие хүн бол тодорхой мэргэжлээр ажиллахад зайлшгүй хэрэгтэй мэдлэг чадвар төлөвшил ба хандлага эзэмшсэн хүн байна.
Мэргэжилтэн бие хүний бүтэц нь:
- чиглэл зорилготой байх
- идэвхит чанартай байх
- бүтээлч чанартай байх
- хамтран ажиллах чадвартай байх.
Дээрх бүтцээс гадна сүүлийн үед өрсөлдөх чадвар, хариуцлага хүлээх чадвар, сэтгэл ханамж зэргийг ажил олгогчид чухалчлах боллоо. Иймд зах зээлийн нийгэмд ажил олгогчид ямар мэргэжилтэн, бие хүнийг шаардаж байна вэ? гэдгийг бас бодолцох цаг ирлээ. Ингээд дээрх өгүүлсэн зүйлийг үндэслэн энгийн загварчлал гаргаж үзье.
Зураг 1. Мэргэжилтэн-бие хүний бүтэц
Мэргэжлийн суурь мэдлэг. Оюутан ямар ч мэргэжлээр суралцахад түүгээр ажиллахад шаардлагатай суурь мэдлэгийг эзэмшиж авна. Үүнийг мэргэжлийн боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, гарын авлага зэргээр дамжуулан эзэмшүүлнэ. Өнөө үед энэхүү мэргэжлийн суурь мэдлэг эзэмшүүлэх үйл ажиллагаа хэр үр өгөөжтэй явагдаж байна вэ?
Төлөвшил, хандлага. Энэ бол оюутан сонгосон мэргэжил, ажил хөдөлмөртөө эерэг хандах, том жижиг элдэв зөрчил, бэрхшээл буюуасуудалтай учирахад бууж өгөлгүй түүнийг бүтээлчээр шийдвэрлэж чаддаг. Ололт амжилтын төлөө өөрийгөө дайчилдаг, ололт амжилтандаа сэтгэл ханалгүй үргэлж урагш тэмүүлдэг байх, шударгаар эрүүл саруул ухаанаар өрсөлдөх чадвартай, багаар хамтран ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, бусадтай боловсон харилцдаг, өөрийгөө болон бусдыг үнэлдэг, цагийг үр өгөөжтэй ашигладаг, хариуцлагатай, идэвхи санаачлагатай зэрэг зан чанар юм. Эдгээр зүйлийг оюутны салшгүй эд эс, зан үйл болтол нь төлөвшүүлэх явдал сургалтын бас нэгэн чухал зорилт болсон.
Бүтээлч чадвар. Энэ ойлголт хэдий олон зүйлээс бүрдэх боловч түүний суурь шинжтэй чадвар бол бие дааж бүтээлчээр сэтгэн бодох, шинэ санаа дэвшүүлэх, шинэ зүйлийг туршин шалгах, цоо шинэ зүйл бүтээх, мэдээлэл харилцааны технологийг ашиглах, гадаад хэл дээр хэрэгтэй мэдээлэл олж ашиглах зэрэг юм. Эдгээр чадварыг орчин үеийн оюутан бүр эзэмшиж авах явдал сургалтын нэн тэргүүний зорилт байна. Эдгээр чадвар дутсанаас болж төгсөгчид ажил олгогчдод гологдоод л байна.
Иймээс оюутан–бие хүн гэдэг нь дээрх гурван зүйлийн нэгдэл байна. Эдгээр гурван зүйл тус тусдаа биш хамтдаа нэгэн зэрэг бүх төрлийн хичээлийн агуулга, арга зүйгээр дамжин төлөвшдөг онцлогтой. Үүгээрээ мэргэжилтэн–бие хүн төлөвшүүлэх ажил нарийн төвөгтэй мөртлөө бүтээлч процесс байдаг.
Бие хүн төлөвших, төлөвшүүлэх процесс нь нийгэмшил хэмээх үзэгдэлтэй ихээхэн холбоотойг дурьдахгүй өнгөрч болохгүй. Хүний нийгэмшил хэдий балчир наснаас эхэлдэг ч цааш насан турш үргэлжилдэг бөгөөд залуу насанд ч эрчимтэй явагдаж байдаг. Үүнийг дээд боловсролын сургуулийн сургалтын технологид тусгах зайлшгүй шаардлагатай.
Нийгэмшил бол хувь хүн тухайн нийгмийнхээ туршлага, харилцааны болон биеэ зөв авч явах хэм хэмжээ, үнэт зүйл, соёл уламжлал зэргийг өөрийн болгон эзэмшиж, даган мөрдөх үйл явц юм.
Оюутнуудын нийгэмшлийг авч үзвэл тэд биеэ зөв боловсон авч явах, харилцааны соёлтой, сургууль ажил мэргэжилдээ эерэг ханддаг, амьдралын тодорхой зорилготой, нийгмээ сайн сайхан болгохын төлөө зүтгэдэг, байгаль орчноо хайрладаг, эх орноо хайрлах үзэлдээ эрх зүйн эдийн засгийн мэдлэг чадвартай, багаар ажиллах чадвартай, чөлөөт цагаа өөрийгөө хөгжүүлэхэд ашигладаг зэрэг зүйлийг оюутны дадал хэвшил болговол зохино. Оюутныг төлөвшүүлэх, нийгэмшүүлэх процесс нь хэдий бүх төрлийн хичээлийн сургалтын агуулга, арга технологоор дамжин хэрэгжих зүйл ч гэсэн зарим нэг тодорхой зүйлийг багш нартаа санал болгох нь зүйтэй. Жишээ нь: сургуулийн дотоод дүрэм, сургалтын дүрэм зэргийг бүтээлчээр ашиглах нь үр дүнтэй байдаг. Жишээ болгон багш оюутны хамтран боловсруулж, аль аль нь дагаж мөрддөг сургалтын энгийн нэг дүрмийг авч үзье.
Сургалтын дүрэм
Мэндлэх, хүндлэх ёсыг мөрдөнө.
Хичээлд цагтаа ирнэ.
Хичээлийн цагаар гар утасны дууг унтраана.
Хичээл дээр бохь зажлахгүй.
Хичээлийн явцад бусдын яриаг таслахгүй.
Бусдын санаа бодлыг хүндлэнэ.
Бие даалтын ажил, тест зэргийг товлосон хугацаанд нь өгнө.
.............................................. гэх мэт.
Энэ дүрмийг багш нар болон оюутнууд өөрийн сургуулийн онцлогт нийцүүлэн өөрчилж, бүтээлчээр хэрэглэх нь зүйтэй. Дүрмийн заалт болгон оюутныг зөв төлөвшилтэй болгоход чиглэх бөгөөд уян хатан байвал зохино.
Оюутныг мэргэжилтэн–бие хүн болгох процесс нэгдүгээр курсээс эхлэх бөгөөд үүнд мэргэжлийн удиртгал хичээл, ажиглах дадлага зэрэг хичээл голлох үүрэгтэй. Цааш мэргэжлийн суурь болон мэргэжлийн, мэргэшүүлэх олон хичээл ордог. Эдгээр хичээл нь оюутныг онолын их мэдээллээр дарах бус, тэд мэргэжлийн ажлаа амжилттай хийхэд зайлшгүй хэрэгтэй мэдлэг чадварыг бат бэх эзэмшүүлэхийн хамт тэдэнд зөв төлөвшил олгоно.
Дээр дурдсан мэргэжилтэн–бие хүний тухай зүйлс нь сургуулийн эрхэм зорилгод багтаж, бас мэргэжилтний загвар, ажил олгогчийн ашиг сонирхол зэрэгтэй холбоотой байж гэмээ нь сая хэрэгжих боломжтой. Өнөөгийн их дээд сургууль, коллежууд эрхэм зорилгоо илүү оновчтой болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сургуулийн эрхэм зорилго нь дараах 4 шаардлагыг хангана.
Зураг 2. Сургалтын байгууллагын эрхэм зорилгын бүтэц
Аливаа сургуулийн эрхэм зорилгод уг сургуулийн эцсийн бүтээгдэхүүн буюу үр дүн нь чухам юу байх нь харагдаж байх хэрэгтэй гэж үзэх явдал бас тааралддаг. Энэ нь уг сургуулийг төгсөх мэргэжилтэн–бие хүний үндсэн мэдлэг чадвар, төлөвшил зэргийг эрхэм зорилгодоо багтаан томъёолно гэсэн санаа юм.
Их дээд сургууль, коллеж бүр өөр өөрийн эрхэм зорилготой бөгөөд үүнийгээ хэрэгжүүлэх хамгийн оновчтой бүтэц, зохион байгуулалт, технологийг бий болгон хэрэгжүүлэх нь мэдээж хэрэг маш бүтээлч үйл ажиллагаа байна.
II. СУДАЛГААНЫ ХЭСЭГ
Техникийн боловсролын төгсөх курсын оюутнуудаас бүтээлч чадвар болон төлөвшил хандлагыг тодорхойлох зорилгоор дараах агуулгатай судалгаа авсан. Судалгаанд цахилгааны, замын, дохиолол холбооны мэргэжлийн ангиудын 45 оюутан хамрагдсан.
Бүтээлч чадварыг тодорхойлох асуулга
1. Та өөрийнхөө бие даан бүтээлчээр сэтгэн бодох чадварыг үнэлнэ үү.
ABCDF
2. Та шинэ санаа дэвшүүлэх чадвараа үнэлнэ үү.
ABCDF
3. Та шинэ зүйлийг туршин шалгах чадвараа үнэлнэ үү.
ABCDF
4. Та мэдээлэл харилцааны технологийг ашиглах чадвараа үнэлнэ үү.
ABCDF
5. Та гадаад хэл дээр хэрэгтэй мэдээлэл олж авч ашиглах чадвараа үнэлнэ үү.
ABCDF
Дээрх асуулгын үнэлгээг 3-р зурагт графикаар харуулав.
Оюутны төлөвшил хандлагыг тодорхойлох асуулга
1. Та сонгосон мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг уу?
Зураг 3. Бүтээлч чадварыг тодорхойлсон сорил
2. Та бэрхшээл буюу асуудалтай учирахад бууж өгөлгүй түүнийг бүтээлчээр шийдвэрлэж чаддаг уу?
3. Та ололт амжилтын төлөө өөрийгөө дайчилж чаддаг уу?
4. Та ололт амжилтандаа сэтгэл ханалгүй, үргэлж урагш тэмүүлж чаддаг уу?
5. Та шудрагаар, эрүүл саруул ухаанаар өрсөлдөж чаддаг уу?
6. Та хувийн зохион байгуулалт сайтай, бусадтай боловсон харьцаж чаддаг уу?
7. Та өөрийгөө үнэлж чаддаг уу?
8. Та бусдыг үнэлж чаддаг уу?
9. Та багаар хамтран ажиллаж чаддаг уу?
10. Та цагийг үр өгөөжтэй ашиглаж чаддаг уу?
Дээрх асуулгын үнэлгээг 4-р зурагт графикаар харуулав.
Зураг 4. Оюутны төлөвшил хандлагыг тодорхойлсон сорил
IV. ДҮГНЭЛТ
Судалгаанаас үзвэл оюутны төлөвшил хандлага дундаж түвшинд байгаа нь харагдаж байна.
Нэн ялангуяа “Та сонгосон мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг уу?” гэсэн асуултанд 56% нь дунд буюу үгүй гэсэн хариулт өгсөн нь оюутан өөрийн сонирхсон мэргэжлээрээ суралцахгүй байгаа учраас сурлагын чанар, өөрийгөө дайчлах байдал, бүтээлч чадваруудад сөргөөр нөлөөлж байна гэж үзлээ.
Оюутнуудын төлөвшил хандлага хангалтгүй байгаа нь бүтээлчээр сэтгэн бодох, шинэлэг санаа дэвшүүлэх, гадаад хэл дээр хэрэгтэй мэдээллээ олж авах гэх мэт бүтээлч чадваруудад мөн адил сөргөөр нөлөөлж байна гэж үзлээ.
Үүнээс шалтгаалан оюутан мэргэжлийн хичээлдээ дундаж буюу хангалтгүй үнэлгээтэй суралцаж байна.
Иймээс төгсөгчдийн чанарын түвшин ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг хангахгүй байх эрсдэл үүснэ.
ЗОХИОГЧИЙН ТУХАЙ
Өвгөнхүүгийн Соёлцэцэг.
Төгссөн сургууль, мэргэжил, цол зэрэг: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр төгсөж, одоогоор мэргэжлийн дагуу докторантурт суралцаж байгаа ба эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэж байна.
АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
[1] Ш.Ичинхорлоо. “Хамтын бүтээл”. УБ 2003 он.
[2] Ш.Ичинхорлоо. “Дээд сургуулийн сургалт, онол арга зүй”. УБ 2012 он.
[3] П.Саруул. “Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал”. УБ 2015 он.